Хуульд сурч байх үеийн шаал хэрэггүй түүхээ түр амрангаа бичнэ ээ яадаг юм.
Манай сургуулийг төгссөн бараг хүн бүр л Сэлэнгээ багшийг магтдаг бөгөөд багшийн хичээл хэцүү, ямар олон хүн унадаг талаар мэддэг дээ. Манай үеийнхэнд Сэлэнгээ багш 1, 2-р курст хоёр лунзгар хичээл заасан нь Ромын эрх зүй, Эрх зүйн философи. Миний бие Ромын эрх зүйг нь хөөрхөн ойлгосон ч Эрх зүйн философийг үнэхээр л барж идээгүй. Хамгийн гол нь яаж ашиглахыг нь бодоод олоогүй болохоор уг хичээл үнэхээр хэцүү санагдаж байсан юм. Мөн нэг удаа онц биш шалтгаанаар курсийнхээ урд багшаараа тэнэгээрээ дуудуулсан тул ойлгох гэж эрмэлзэхээ больсон доо хөөрхий. 16-тай, 10 жилийн ширээнээсээ дөнгөж гарч ирээд их сургуулийн ширээ залгасан нөхөрт түмний өмнө тэгж хэлүүлэх хэцүүхэн байсандаа тэр байж магад. За тэр ч яахав, үүнээс хойш дургүйд хүчгүй гэгчээр Эрх зүйн философи гэгчийг ойлгох ч сэдэл төрөлгүй зүгээр л богино хугацаанд шалгалтад зориулан цээжлээд давсан юм. Тэгээд дараагийн хичээлүүдээ сураад явж байхдаа тэр хичээл ч нээх залгамж холбоогүй, хэрэггүй хичээл байж дээ гэж бодоод орхисон.
Үргэлжлүүлээд нойртой, нойргүй, сураад л байлаа. Тэр дундуур нь би гэдэг хүн өөрийгөө тэнэг байж яагаад ийм сургууль сонгов, ийшээ зүтгэв гэдгээс эхлээд амьдралын утга учраа хайн, сэтгэл гутрал гэгчтэй зууралдаад бараг л үхсэнгүй явж явж ухаан ороод нэг харсан төгсөх юу юугүй дөхчихсөн байсан. За тэгээд паникт орлоо. Ингэж яваад төгсвөл горьгүй нь дунд нь нэг зай аваад шинэ зүйлсэд өөрийгөө сорих хэрэгтэй гэж бодох үетэй зэрэгцээд сэтгэцийн хичээл ордог багш судалгааны ажил эхлүүлэх гэж байгаа, тэр ажилд орон, туслах оюутан ангиас авна гэх сургийг сонсоод уухайн тас саналаа өгөн, судалгааны багт орлоо. Ийн ханцуй шамлан судалгааны ажилд ортол прокурорын газраас судалгааг дэмжиж байгаа гээд нэгэн прокурор эмэгтэй багийг ахалж эхэллээ. Судалгааны удирдагчдаа багаараа хараалгаад л, хараалгаж хариад жаал уйлж тайтгараад буцаж судалгаагаа үргэлжлүүлээд л явж байхдаа багшид ганц тэнэг гэж хэлүүлээд эмтэрч явснаа бодоод инээд хүрч байсан ч багийнхныхаа л өмнө загнуулсан нь хавь илүү ч юм шиг санагдаж байлаа. Тэр хооронд сэтгэл хямрал хурцадсаар, мөн судалгааны хэрэг материалуудтай ажиллах бүрд шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд үзэгчээр орж байх үед үнэртэж байсан үнэр сэнгэнэдэг байв. Үнэр ой санамжид сайн буудаг бөгөөд алив хэргийн нотлох баримт болох чадалтай гэдэг үнэн гэдэг нь тэр мэдрэмжүүдээр надад нотлогдож байлаа. Нэг мэдсэн бичих гэж байсан зүйлээс далийж, эргээд түүхрүүгээ оръё. За тэгээд судалгаа маань амжилттай болж сайн үр дүнгүүд гарч байх хооронд зуны амралт болж би гэдэг хүн АНУ-руу зунаа үдэж, түр бүх юмнаас зай авахаар зугтаад хичээл эхлэхэд буцаж ирэн хичээлдээ шамдлаа. Өмнө нь хэлсэнчлэн их шамирсны гор нь гарч, төгсөх жилээ нэг жилээр хойшлуултал хөтөлбөр шилжсэн гээд шинэ үеийнхний ерөнхий сууриас үзэх болоод ямар хичээл сайныг сураглаж, судалж байгаад МС багшийн Шударга ёсны хичээл гэж цоо шинэ хэв маягтай, янзын хичээл байдгийг мэдэж аваад сонголоо. Гай газар дороос, гахай модон дотроос гэдэгчлэн өнөө муу өшт Эрх зүйн философийг сайн ойлгосон байж уг хичээлийг ойлгох байжээ. Гадаад багш, Мөнхсайхан багш хоёр шинэлэг аргаар хичээл ороод байдаг би гэдэг дүнхүү толгой суурь хичээлийг нь сайн ойлголгүй цээжлээд хаясных тэр хичээлийн жилийн гол ном болох Хуулийн эзэнт гүрнийг 6 эхлүүлээд эхний хэдэн бүлэг яваад цааш нь үргэлжлүүлж, ойлгож уншиж чадаагүй ээ гэж. Ингээд хичээлд унах нь тодорхой болсон тул W тавиулаад тэр хичээл дууссан даа хөөрхий. Төгссөн хойноо ч тэр номыг унших гээд яаж ч хичээгээд эхний хэдэн бүлэг яваад л үргэлжлүүлж чадалгүй зогсоож байсан даа. Балагтай түүхүүд үүгээр дуусаагүй нь мэдээж. Үүнээс нэгийг дурдвал:
-Төгсөх жил хойшлох үед Эрүүгийн хуулийн багц ч өөрчлөгдөж өдөр шөнөгүй шунан үзсэн эрүүгийн хуулийн хичээлүүд минь улиг болон хуучирч би гэдэг хүн баларсан ч эрүүгийн суурь хичээлүүдийг заасан Амартүвшин, Золбоо багш нар маань онолыг нь хэрэглэх арга ухаан, суурийг зөв тавьж өгснийх бүтэлгүй би төгсөлтийн шалгалтуудын нэг болох бодлогын шалгалтаа амжилттай өгч сургуулиа төгссөн дөө.
Сургуулиа төгссөн ч дунд нь будлиж, бутарч явсных хэрэгтэй мэдлэгүүд дутуу дулимаг байсан тул даруй үргэлжлүүлэн хоёрдогч мэргэжлээр суралцаж байна.
Балагтай, бүтэлгүй түүхүүдээ энэ мэт үргэлжлүүлбэл мөд дуусахгүй нь тодорхой учир энэ хүрээд бүтэлгүй оюутны жилүүд дэх эрх зүйн философи хичээлтэй холбоотой түүхээ өндөрлөе.
Бүтэлгүй төгсөгчөөс хуулийн оюутнууддаа зөвлөхөд:
- Багш нараасаа санаа зоволгүй яагаад хэрэгтэй вэ? яагаад? гэж асууж байгаарай.
- Ойлгохгүй зүйл гарвал ганцхан хормын санаа зовнилоо даваад багшаасаа асуугаад ав. Нэг багш туслахгүй байж болох ч нөгөө нь хэлээд өгдөг шүү.
- Их сургуульд орж буй ихэнх хичээлүүд дээр бичсэн түүх шиг минь ямар нэг байдлаар хоорондоо холбоотой байдаг тул цээжлээд орхих бус ойлгож судлах хэрэгтэй байдаг.
- Хуулийг үг үсэггүй цээжлэх бус үндсэн зарчим нь хэрхэн оршдогт суралцвал хуулиуд яаж ч өөрчлөгдсөн хуулийг ашиглахад суурьтай байдаг. Иймд үндсэн араг яс болох бүтэц, зарчимд нь сайн суралцаарай.
- Сэтгэл гутрал, хямралд өртөж байгаа бол болж өгвөл мэргэжлийн хүмүүсээс эрт тусламж авах хэрэгтэй. Сэтгэл гутрал, стресс, хямрал нь эрүүл мэндийг бүх талаар нь туйлдуулах ба суралцах чадварыг чинь эрс унагана гэсэн үг.
- Сэтгэл санаа, бие махбодоо эрүүл байлгаж суралцах, хөгжих боломжоо нээлтээ байлгахын тулд амьдралын эрүүл хэв маягийг эртнээс бүрдүүлээрэй.
- Хичээлээ сонгохоос өмнө сайн судалж чадвал чи тэр хичээлд амжилттай суралцаж чадна. Болж өгвөл тухайн хичээлийг судалж байсан оюутнуудаас мэдээлэл цуглуулаад багш, хичээлээ сонгоорой. Багшаа сонгохдоо тухайн багшийн хийсэн судалгааны ажил, цахим орчин гэх мэт олдож болох мэдээллүүдтэй нь танилцаад авбал тухайн багшийн заах арга барилд илүү дасаж өгдөг. Мөн ихэнх багш нар өөрийн арга барилаа хамгийн сайн гэж үздэг тул өмнөх судалгаа чинь чамд том тус болно гэсэн үг.
- Оюутан цагтаа өөрт тохирсон аргаар гадаад явж харах өнцгөө тэлээд авахыг хичээгээрэй. Оюутан цагт л хамгийн хямд, төсрөөр гадаад явах, шинийг үзэх боломжууд олддог.
- Оюутны жилүүддээ олон зүйлд хүч үзээд авах хэрэгтэй. Сайн дурын ажил, дадлага, судалгаа гэх мэт боломжууд тэр үед л хамгийн нээлттэй байдаг ба оюутан цагт шинэ ажлуудад зарцуулах цаг хавьгүй их байсан байж таардаг.
- Нээлттэй шүүх хурлуудад зав чөлөө бүрээрээ, бүр зав гаргаад олон удаа очиж үзэгчээр суугаарай.
- Гадаад хэлийг маш сайн суралц. Онолын эх зохиолууд орчуулагдсан байгааг уншихад ойлгомжгүй зүйлүүд их гарна. Яагаад гэвэл манайд хууль зүйн орчуулгаар дагнасан хүмүүс ховор, ер нь байхгүй учраас модон орчуулга их таардаг. Энэ нь онолын эх зохиол гэлтгүй, элдэв судалгааны эх сурвалжууд дээр ч тохиолддог тул гадаад хэлийг сайн сурснаар чамд боломж илүү нээгдэнэ.
- Хууль зүйн өдөрлөг, гадуур лекцүүдэд сайн оролц. Их сургуулийн 5 жил заагаагүй, амин чухал мэдээллүүд тэнд урсаж байдаг.
- Хамгийн сүүлд нь гэж хэлэхэд өөрийгөө голж, өнгөрсөн дурсамжтайгаа битгий зууралд. Чадна гээд л одоо доо итгээд, зүтгээд бай. Зүтгэж, хичээсэн нэг нь л юм хийдэг, алддаг, алдсан алдаанаасаа суралцан бүр ихийг хийдэг юм шүү.
Миний дэмий түүхийг баахан уншиж дуусгасан бол баярлалаа. Одоо харин өөрийгөө хөгжүүлэх их замдаа буцаад ор. Би нь болбол өөрийн бүтэлгүй түүхүүдээрээ влог ч юм уу бэлдэхийг хичээнэ ээ. Түр баяртай.
Номын тухай товч: Өнөөх гайхал чинь энэ шүү дээ. Роналд Дворкин уг номоо 1986 онд хэвлүүлсэн байдаг. Энэхүү номыг уншихын өмнө Эрх зүйн филоссофийг сайн судалсан байх мөн Дворкиний өмнөх бүтээлүүдийг мэддэг байх хэрэгтэй. Академик англи хэлтэй бол эх хэл дээр нь уншаарай гэж зөвлөх байна. Эх хэл дээр нь уншиж эхлүүлтэл илүү ойлгомжтой юм шиг санагдаж байгаа шүү.
Comments