top of page
Writer's pictureOka

Аяллын тэмдэглэл: Travel bullet journal #1 (Wyoming, USA)

Bullet journal гэхээр яагаад заавал өдөр тутмын тэмдэглэл эсхүл цагийн хуваарь байх ёстой? Тэмдэглэл юуны ч байж болно. Иймд өөрийн тэмдэглэлийн нэг төрлөө хуваалцахаар шийдлээ.


Аяллын дурсамжуудаа зүгээр л файлаар хэсэг хадгалаад устгахад дэндүү хайран санагддаг байсан учраас анх Америк явахдаа л нэг сайхан тэмдэглэлийн дэвтэртэй болоод авна даа гэж зорьж байсан. Зорьсон газраа очиж олон сайхан дурсамж түүхүүд бүтээгээд ирэхдээ дарсан зургуудаасаа хамгийн дурсамжтайг нь шилж аваад фото болон наадаг зураг гэх мэтээр хэвлүүлээд, үзсэн үзвэр үйлчилгээний тасалбарууд цуглуулснаа нэгтгээд энэ дэвтрээ эхэлж байлаа. Энэ дэвтрээ дүүртэл олон олон аяллыг хийнэ дээ гээд зузаахан А4 дэвтэр сонгож авсан маань удахгүй дүүрэх бизээ.

Аяллын тэмдэглэл хөтлөх 3 зөвлөмж:

1. Зургаа фото хэлбэрээр хэвлүүлэх

Аяллын тэмдэглэлээ миний хийсэн шиг хөтлөх бол зургуудаа фото хэвлэлээр хэвлүүлж аваарай гэж зөвлөх байна. Фото зураг, стикер хэвлэл, энгийн цаасан дээрх хэвлэлүүдээс хамаагүй нас урттай байдаг шүү.

2. Аялалтай холбоотой жижиг талон, тасалбар, картаа хадгалах

Аяллын тэмдэглэлдээ хийх талон, тасалбар, карт гэх мэт зүйлсээ цахилгаантай А5 хавтсанд он сараар нь дараалуулаад хадгалах нь дараа нь тэмдэглэл хөтлөхөд цэгцтэй байдаг ба норох, гэмтэхээс хамгаалдаг.

3. Тэмдэглэлийн хэрэгслүүдээ хооронд нь тохируулан сонгох

Хэрэв нимгэн цаастай дэвтэр сонгосон бол маркер гэх мэт бэх нь арын хуудасруугаа нэвтэрдэг хэрэгсэл аль болох сонгохгүй байж оронд нь өнгийн бал, харандаа хэрэглэх эсхүл өөр цаасан дээр маркераараа бичээд наавал илүү цэвэрхэн болдог. Иймд дэвтэртэйгээ нийцүүлэн хэрэгслүүдээ сонгоорой. Бас том дэвтэр сонгосон бол хуудас хоосон харагдах магадлалтай учир аяллаа санагдуулах сайн чанартай ваши (чимэглэлийн скоч), наадаг зураг, чимэглэлийн цааснууд аваарай. Хямд, муу чанартай чимэглэл нь он цагийн аясыг даалгүй хуулраад байдаг гэмтэй болохоор заавал чанартайг авахыг зөвлөмөөр байна.


Дурсамж бүрээ бүтээлчээр тэмдэглэцгээе

131 views0 comments

Recent Posts

See All

Comments


Post: Blog2 Post
bottom of page