07 дугаар сарын 15-наас 22-ны өдөр хүртэл Хятад орноор аялсан тэмдэглэл.
07.15
Шөнө болгоод Замын Үүд рүү гарлаа. Шөнөжин аажуу тайвуу явсаар өглөө гэхэд Замын-Үүдэд очдог болохоор шөнө гарав.
07.16
Замын-Үүдэд өглөө ирэн Хятад руу хил гаран өглөөний цайгаа Татмал гурилтай шөл, хийжүүлсэн ундаагаар болгоод цааш явах автобусны тасалбараа захиалав. Тэр хооронд захаар хэсэг алхаад автобусны буудал дээр ирэн замдаа уух жижиг жүүс, Өвөрмонголд хийдэг ааруулан чихрийг авлаа. Автобусны маань хөдлөх цаг хүртэл утсаа цэнэглэж аваад унтлагын автобусандаа орлоо. Хамгийн урд талын ор тул үзэх харах юм ихтэй юм. Унтлагын автобусанд хийх юм юу байх билээ. Утсандаа татаж авсан хэдэн киногоо хэсэг үзээд унтлаа. Хэсэг унтаад сэртэл автобус амралтын цэг дээр ирж байна. Бууж 20 орчим юань үнэтэй хоолны сэт авч идлээ. Ингээд буцаад автобусандаа орон унтлагаа. үргэлжлүүллээ.
07.17
Усан борооноор үүрээр Бээжинд ирлээ. Цааш явах автобусанд хүргэж өгөх хөтчөө хэсэг хүлээн хөтчийнхөө машинд суун автобус дээрээ ирлээ. Ингээд нойрмоглон автобусандаа суун хэдэн цаг яваад зорьсон газраа ирэн буудалдаа очин үүргэвчээ тавиад худалдааны төвдөө ирэн нэг захаас нөгөө зах руу нь явсаар өдрийг өнгөрөөлөө. Их усан борооны үе тул хамаг ус зайлуулагч нь ачааллаа дийлэхгүй зам зарим хэсэгтээ бохир усаар дүүрсэн байсныг цахилгаан тэрэг завь шиг гатлаад л гарах нь сонин. Орой буудалдаа ирэн ойр хавийн хүнсний дэлгүүрээр шагайн үслэг тоор, халуун тахиа зэргийг аваад оройн хоолоо идээд хэсэг телевиз хараад унтлаа.
07.18, 19
Худалдааны төврүүгээ очин өглөөний хоолоо идээд нэг захаас нь нөгөө зах руу нь алхах ажлаа эхэллээ. Их борооны улирал учир чийгтэй халуун орчинд хурдан ядарна. Алхаад 2 дахь өдрийн дундаас эхлэн хөлийн ул, булчин өвдөн таарсан суудал бүрдээ суун хөлсөө арчина.
07.20
Бээжин рүү буцах хугацаа болон ирсэн автобусандаа суулаа. Суух гоёыг тэр үед л утгаар нь мэдрэх нь ойлгомжтой. Автобуснаасаа буун газрын зургаа дагаж явсаар дахин нэг худалдааны төвд ирэн халуун ногоотой, гаатай, хүйтэн шөл амтархан идээд алхах ажлаа эхлүүллээ. Хятад үндэстний хоол гэдэг өөрөө агуу зүйл байдаг болохоор хоол бүр энэ аяллын хамгийн чухал зүйл байлаа. Орой буцах цаг маань болон унтлагын автобус явах голын эрэг дээр ирэн автобусандаа суулаа. Халуун чийгтэй орчин яггүй тул сэрүүн автобус жаргалын орон гэлтэй. Ингээд унтлагын автобусанд дуг нойрондоо дугжирсаар амралтын цэгт ирэн жигнэмэг мэтээр хооллоод буцан автобусандаа орон унтсаар шөнийг өнгөрөөлөө.
07.21
Эрээн хотод өглөө эрт ирлээ. Цаг агаар нь биед таатай дээрээс нь монгол хэлээр хаана ч ойлголцох болохоор амар ажээ. Буудалдаа ирэн үүргэвчээ тавин хэсэг амраад зээлээр холхих ажлаа эхэллээ. Тухтай газарт амраад, юм үздэг аяллыг бодвол тун хэцүү аялал гэдэг нь тодорхой. Амттай ундаа, мочи, шоштой зайрмаг мэтэд сэтгэл минь ханаад болоод л явчихна.
07.22
Хилээр даваад л элсэн шороо, зах замбараагүй бужигнааныг харах нь гунигтай. Хятадын хил дээр арц үнэртээд угтдаг бол Монголд цөлжилт угтан авах нь гуниглуулахгүй байхын аргагүй. Замын-Үүдэд ирэн машиндаа суугаад сүүн ундаагаа уусаар гэртээ харихаар хөдөллөө.
Энэ аяллын үед авсан дүрс бичлэгээрээ влог бэлтгэсэнг минь сонирхоод үзээрэй. Үнэтэй чамин аялал биш ч бүх л дүрс нь олон олон монголчуудын явдаг замыг харуулахыг хичээсэн юм шүү.
Влогийн талаар санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлээрэй. Асууж тодруулах зүйл байвал Crazy fancy_Bujo фэйсбүүк чатаар эсхүл oka._ren инстаграмаар холбогдоорой!
Comments