Орос руу аялсан нь
- Oka
- Nov 16, 2020
- 3 min read
2018 онд 8 хоног Өмнөговь - Улаанбаатар - Сэлэнгэ - Алтанбулаг - Хиагт - Байгаль нуур - Монды - Ханх - Аршан - Хиагт - Сэлэнгэ - Улаанбаатар гэсэн маршрутаар аялал хийж байлаа.
Аяллын тэмдэглэл:
Өдөр 1.
Говийн багахан борооноор хотын зүг хөлгийн жолоо заллаа. Өмнөх үеэ бодвол засмал замтай болсон ч хаа нэг нимгэн зам ховхрох нь ховхорч, цөмрөх нь цөмөрчээ. 8 цаг орчим явсаны эцэст хотод гэртээ ирэн маргааш өглөөний замдаа бэлдэн биеийн чилээгээ жаал гаргалаа.
Өдөр 2.
Сайхан амарчээ. Ихэд догдлон үүргэвчээ базаагаад хотоос гарлаа. Нартай сайхан өглөө байна. Гаатай спрайт, хиамтай талх, алим жимс, лаазтай кофегоор сайхан хооллоод замаа ширтэн, дуугаа сонсоно. Өдөржин довтолгосны эцэст Дархан хотоор дайран Алтанбулгийн хилийн шалган дээр ирэн ээлжээ хүлээнэ. Замд тэнгэр дэх буман одод гялалзан нүдийг минь баясгаж байсныг марталгүй тэмдэглэх нь зүйтэй биз ээ.
Өдөр 3.
Шөнө дунд хилээ даван Орос нутагт хүрэх газраа тэмүүлэн зогсолтгүй явсаар өглөө болжээ. Эмээгийн цайны газар гэх буйдхан газрын хөөрхөн цайны газар борщ шөл, сүүтэй цай, пирожкигоор цайллаа. За ингээд замын хүнсээ базаахаар Хиагт дахь Титан сүлжээ дэлгүүр (Манайхаар Номин юмуудаа) оров. Долларын хээтэй 00 цааснаас авахуулаад зүсэн зүйлийн эд зардаг ажээ. Аялалд гарж буй хүмүүс Хиагт дахь сүлжээ дэлгүүрүүдээс хүнсээ базаагаад, түгээгүүрийн газраас түлшээ дүүргэх нь өртөг хямд гэнэ. Замдаа гаран Байгаль ээжийн эрэг дээр тэрийн хэвтэхээр урагшиллаа. Модтой хангай юмаа. Багагүй цаг явсны эцэст Байгаль нуурын дэргэдэх жуулчинд хөлслүүлдэг нэгэн тохилог байшинд ирлээ. Хашаа дүүрэн өнгийн цэцэгс, хүнсний ногоогоо тарьсан Орос айлын тохь хашааг харах үнэхээр сайхан байсан шүү! Идэж уух, өмсөж зүүх зүйлсээ цэгцлээд нуурын эрэг рүү хөл тавилаа. Нар ээгээд сайхан өдөр байна аа. Хэдий нартай дулаахан ч нуур хүйтэн тул хувцсаа нимгэлэлгүй хэсэг тоглон, өөрийгөө баясгахаар авсан энергийн ундаагаа уучхаад Орос маягийн шорлог хийж идэхээр байшин руугаа буцлаа. Амтат шорлог, квас, хар талх, лийр, өргөст хэмхээр шавайгаа ханатал хооллов. Муу хүн идсэнээ гэдэг гэсэн ч аа яадаг юм. Орос хэл дунд ангидаа цухас үзээд өнгөрсөн би ч хэлгүй бол хөлгүй гэгчээр ойр хавиараа чөлөөтэй явж, ярьж чадахгүй жаахан тийм юм даа.
Өдөр 4.
Цааш хөдлөн Ханхын Монгол руу ордог хил дээр ирлээ. Монголын хил дээр сайхан ааштай, сэтгэлээсээ ажилладаг хилийн ажилчидтай таарсан нь миний хувьд ховор үзэгдэх өдрийн од мэт үзэгдэл боллоо. Хэсэг явтал Хөвсгөл далай мэлтийн мялталзалзсаар тосож авлаа. Ай даа сайхан байгаль ажээ. Хэн бүр хайрлахгүй байхын аргагүй газар юм. Далай ээжийн хөвөөнд хоноглож болох газрыг нутгийн хүнээр заалгаад ил гал тойрсон шиг хоноглолоо. Зуны дулаан улирал ч яггүй хүйтэн ажээ. Тойроод харахад цастай өндөр уулс зун тойрсон ч хэвээр тул арга ч үгүй биз ээ. Нутгийн өлчир жаалууд нүцгэн шахуу гүйлдэх ч дулаан газрын би өвлийн куртик, зузаан оймсноосоо салсангүй.
Өдөр 5.
Дараагийн газар луугаа хөдөллөө. Наадам өнөө маргаашгүй болох тул хил хаахаас өмнө Орос руу буцан ирээд халуун, хүйтэн рашаан бүхий Аршан гэх газар ирэв. Түрээсэлсэн байрандаа ирэн юмнуудаа тавьчхаад хотоор тойрон аялал хийлээ. Аялал жуулчлалын газар болохоор жижиг жижигхэн задгай худалдаанууд ажилладаг юм байна. Ямар бурхны хөшөөг мэдэхгүй ч бурхны хөшөө харагдана. Тойрог сандал дээр нэгэн гадаад залуу гитар тоглон англиар дуулна. Цааш хэсэг явтал дайны үеийн хүүхдүүдийн дурсгал хөшөө, самбар байрлах ажээ. Амны зугаа амттан, замын хүнс авахаар жижиг дэлгүүр ороод цааш яван хоолны газар орлоо. Дэгдээхий хэлбэртэй жижиг амттан, нэрийг нь мэдэхгүй ч бор будаатай амтат хоол, компот зэргээр ходоодоо мялаав.
Өдөр 6.
Аршаны хүрхрээг үзэнгээ, зиплайн туршихаар ууланд алхлаа. Замдаа нүдний гэх рашаан, хүүхдийн хөшөө, жирх зэрэгтэй дайралдсаар хүрхрээг үзээд цааш яван уулын орой хэсгээс 2 дамжих явдаг зиплайнаар явлаа. Адреналин ялгаруулсан туршлага болов. Дараа аялах даа бүр ч аюултай зүйлс туршиж үзэхийг хүслээ.
Өдөр 7.
Модон байшинд тухтай оронд амарсных өглөө сайхан эхэллээ. Буцах замдаа гарна даа. Өдөржин явсаар Хиагтад ирэн Абсолют сүлжээ дэлгүүрээр орон цуглуулгадаа Чебурашкатай өндгөн шоколад 2-г авлаа. Азаар дотроос нь чебурашка, гена хоёр гарч ирсэн шүү. Ингээд Орос дахь аяллын төгсгөл болгож номын дэлгүүр орон Байгаль нуурын зурагтай соронз аваад Монгол руугаа буцлаа. Бараг шөнө болгон Сэлэнгэд ирж зорьсон айлдаа зочлон ирээд амарлаа.
Өдөр 8.
Сэлэнгээс хэсэг явсны эцэст хот руу орж иртэл түгжээтэй байдаг байсан зам наадам болоод хов хоосон, гудманд хүн харагдахгүй сонин байлаа шүү. Халтар царайтын үед л ийм байсан байх.
Энэхүү аяллын үед хийсэн влогийг минь сонирхон үзээрэй.
Влогийн талаар санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлээрэй. Асууж тодруулах зүйл байвал Crazy fancy_Bujo фэйсбүүк чатаар эсхүл oka._ren инстаграмаар холбогдоорой!
Байгал дэлхийдээ хайртай хариуцлагатай аялагч байгаарай
Comments